Нисэх буудлын мэдээлэл

“Чек Лап Кок” Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал нь Лантау аралд байрладаг бөгөөд 2 терминалтай, дэлхийн найм дахь хамгийн их хөл хөдөлгөөнтэй нисэх онгоцны буудал юм. Нисэх онгоцны буудалд зорчигчдод зориулсан бүх төрлийн үйлчилгээ байх ба зарим нь үнэ төлбөргүй байдаг.

1. Лоунж (Airline Lounges)

Нисэх буудалд нийт 18 лоунж буюу амралтын өрөө бий. Лоунж тус бүр халуун шүршүүр, амрах болон ажиллах хэсэг, хоол, уух зүйлээр 24 цаг үйлчилдэг.

2. Шуудан, илгээмжийн үйлчилгээ (Airport Courier Service)

Зорчигчид Хонконг дотор эсвэл олон улс руу шуудан, илгээмж явуулах бүрэн боломжтой. Хэрэв та шуудангаар илгээх боломжтой зүйлсийн дэлгэрэнгүй жагсаалт болон төлбөрийн мэдээлэл авахыг хүсвэл +852 2541 2542 (залгаад 3 дугаарыг дарах) лавлах утас руу, эсвэл илгээмжийн үйлчилгээний +852 27598121 (өдөр бүр 06:00 – 23:30) шууд утас руу холбогдоорой.

3. Жолоочгүй галт тэрэг (Automated People Mover)

Терминал хооронд жолоочгүй галт тэргээр зорчих боломжтой. Уг галт тэрэг нь 60 км/цагийн хурдтайгаар явах ба цагт нийт 7200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хэдхэн минутын зайтай ирдэг.

4. Ачаа хадгалуулах хэсэг (Baggage Storage)

2-р терминалын 3-р давхарт ачаа, тээш түр хадгалах үйлчилгээ байх ба өглөөний 05:30-аас дараа өдрийн 01:30 цагийн хооронд ажиллана.
1 цаг – 12HKD
24 цаг – 140HKD

5. Хүүхэд тоглуулах, зурагт үзэх боломжтой байршил (Children Play and TV Areas)

1-р терминалд зорчигчид дараагийн нислэгээ хүлээх зуураа хүүхдээ тоглуулах, зурагт үзэх боломжтой 8 газар байдаг.

6. Батерей цэнэглэх үйлчилгээ (Battery Recharge Service)

Worldwide Flight Services бүх төрлийн электрон төхөөрөмжийн батерей цэнэглэх үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та батерейгаа цэнэглүүлэх бол 24 цагийн +852 3918 5000 лавлах утсанд холбогдох эсвэл ЭНД дарж вэб хуудас руу нь нэвтэрнэ үү.

7. Ус уух (Drinking Water Facilities)

1-р терминалын 50 цэгт байрлуулсан 100 гаруй усны машинаас цангасан үедээ халуун, хүйтэн ус уух боломжтой. Зорчигчдын хэсэгт халуун усны төхөөрөмжүүд мөн бий.

8. Шүршүүр (Complimentary Shower Facilities)

Зорчигчид урт аяллын дараа алжаалаа тайлан шүршүүр бүхий угаалгын өрөөнүүдийг үнэгүй ашиглах боломжтой.

9. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах (Health and Medical Services)

1-р терминалын 6-р давхарт нисэх буудлын Эрүүл мэндийн төв байдаг. Эндээс анхан шатны тусламж авах, вакцин хийлгэх, физик эмчилгээ, рентгенд харуулах зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв та Эрүүл мэндийн төвийн үйлчилгээтэй танилцахыг хүсвэл +852 2261 2626 дугаараар нь холбогдоорой.

10. Валют солиулах, банкны үйлчилгээ (Money Exchange & Banking Services)

Зорчигчид бүх төрлийн банк, санхүүгийн үйлчилгээ авах боломжтой. Та нисэх буудал дахь банкны үйлчилгээ үзүүлэх газруудын байршлыг ЭНД дарж хараарай.

11. Тусгай хэрэгцээт зорчигчдын амрах хэсэг (Caring Corner)

1-р терминалын 6-р давхарт жирэмсэн, өндөр настай болон тэргэнцэртэй зорчигчид амрах хэсэг бий.

12. Нярай хүүхдийн өрөө (Nursing Rooms)

Гол танхим болон терминалуудад нярай хүүхэд хөхүүлэх, хооллох, хуурайлах нийт 39 өрөө байдаг.

13. Хотод хүрэх тээврийн хэрэгсэл (Transport into the City)

Нисэх буудлаас хотын төв рүү очихын тулд метро, автобус, такси аль алиныг нь ашиглаж болно. Харин 10-12 минут тутамд ирэх нисэх буудлын экспресс галт тэргээр зорчвол хот руу ердөө 24 минутад очно. Харин автобусаар явбал 1 цаг 15 минут, таксигаар явбал 30 минут зарцуулна.

Аялахад анхаарах чухал мэдээлэл

Аяллын бичиг баримтууд

1. Монгол Улсын иргэд Хонконгод 14 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй бөгөөд визийн хугацааг хэтрүүлэхгүй байх ёстой. 14 хоногоос илүү хугацаагаар Хонконгод байх хүсэлтэй иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягт байрлах Хонконгийн Шилжилт хөдөлгөөний газарт очиж, 5 дугаар давхарт байрлах лавлагааны цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Визийн хугацааг 14-30 хоногоор сунгах бөгөөд төлбөр нь 160 хонконг доллар байна.

2. Хилийн болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөх, хоёр талын аяллын тийз, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явах шаардлагатай.

3. Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс илүүгээр авч орох тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, согтууруулах ундаа (архи, дарс, ликёр) 1 литр, янжуур тамхи 19 ширхэг, навчин тамхи 25 грамм, эсхүл 1 ширхэгийг хилээр авч орохыг зөвшөөрдөг.

4. Хонконгийн хувьд хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, цахилгаан бороохой, антибиотик, байгалийн тогтцоороо байгаа үнэт чулуу (боловсруулаагүй), шувуу болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, ургамал, 36-аас доош сартай хүүхдийн найруулдаг хуурай сүү (формула)-г хилээр оруулахыг хориглосон байдаг.

5. 120,000-аас дээш хонконг доллар (ойролцоогоор 15000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (чек, хувьцаа, бонд зэрэг) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх шаардлагатай.

Электрон тийзийн санамжууд

1. Зорчигч та аялалд гарахдаа шаардагдах өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, виз, эрүүл мэндийн гэрчилгээ зэргийг биедээ авч ирнэ үү. Уг шаардлагуудыг хангаагүйн улмаас үүсэх аливаа зардал, чирэгдэлд тээвэрлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.

2. Зорчигч та энэхүү аяллын тийз болон төлбөрийн баримтын хуулбарыг бүртгэлийн цэг болон нэвтрэх цэг дээр шалгуулах зорилгоор аяллын туршид биедээ авч явах шаардлагатай болохыг анхаарна уу. Таны бичиг баримт дээрх нэр электрон тийз дээрх зорчигчийн нэртэй таарч байх шаардлагатайг анхаарна уу. Энэхүү аяллын тийз болон төлбөрийн баримтанд ямар нэгэн өөрчлөлт оруулах, хуурамчаар үйлдэх, эсвэл хуулбарласан тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээхийг анхаарна уу.

3. Хэрэв зорчигч та захиалсан нислэгтээ нисээгүй болон тээвэрлэгч талд энэ талаар урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд таныг нислэгээс хоцорсонд тооцох бөгөөд цаашид үргэлжлэх эсвэл буцах захиалгууд цуцлагдахыг анхаарна уу. Хэрэв зорчигч та нисэх боломжгүй болсон бол захиалгаа цуцлана уу. Захиалга цуцлаагүй тохиолдолд таныг нислэгээс хоцорсонд тооцох бөгөөд хоцорсон нислэгийн хураамж төлөх хариуцлага хүлээхийг анхаарна уу.

4. Нислэгийн купон болон аяллын тийз дээр бичигдсэн цаг нь агаарын хөлгийн хөөрөх цагийг зааж байгаа болно. Зорчигчид бүртгэлийг тогтсон дүрмийн дагуу хийж дуусгах хангалттай цагийг олгох ба үүний тулд зорчигч та нислэг эхлэх хуваарьт хугацаанаас хамгийн багадаа 2 цаг 40 минутын өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж бүртгүүлэх шаардлагатай ба бүртгэлийн цэгүүд нислэг эхлэх хуваарьт цагаас 40 минутын өмнө хаагдана. Зорчигч өгөгдсөн цагаас хоцорсон тохиолдолд тухайн нислэгээр зорчих боломжгүй болох бөгөөд энэ тохиодолд тээвэрлэгч тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

5. Таны аялалд учрах аливаа саад бэрхшээлээс сэргийлэхийн тулд онгоцонд суух терминал нислэг эхлэхээс 20 минутын өмнө хаагдахыг анхаарна уу. Хоцорсон зорчигчид тухайн аялалд нисэх боломжгүй болно. Зорчигч та зорчин явах үйл ажиллагаанд хангалттай цаг гаргахын тулд зорчих хэсэгт хамгийн багадаа 20 минутын өмнө хүрэлцэн ирнэ үү.

6. Энэхүү нислэгийн тийз нь зөвхөн тухайн нислэгт хүчинтэй болохыг анхаарна уу. Захиалгын ангилал нь худалдан авсан тийзийн тарифын төрлөөс хамаарна. Тийзийн захиалгын ангилал нь захиалгын систем дээрх захиалгын ангилалтай ижил байх ёстой. Хэрэв захиалгын ангилал нь өөр бол, тухайн тийзийг эзэмшиж буй зоригч зорчин явах эрхгүй болох эсвэл нэмэлт төлбөр төлж болзошгүй юм.

7. Тээвэрлэгчийн үзүүлж буй тээвэрлэлт болон бусад үйлчилгээнүүд нь “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Тийз борлуулалтын төв, эсвэл www.eznis.com цахим хуудсанд байгаа тээвэрлэлтийн нөхцөлөөс хамаарна.

Олон улсын зорчигчдод тээвэрлэгчийн хариуцлагын санамж

Нислэг хөөрснөөс өөр оронд түр зогсох, эсвэл эцсийн зогсолт хийх хүртэл бүхий л аяллын туршид, үүнд аль ч орны нутаг дэвсгэрт Варшавын Конвенци болон нэмэлт өөрчлөлтүүд, эсвэл Монреалийн конвенци хэрэгжиж болохыг анхаарна уу. Эдгээр конвенциуд нь хэрэгжиж буй тарифд тусгагдсан тээвэрлэлтийн онцгой гэрээнүүдийн хамтаар мөрдөгдөх бөгөөд зорчигчийн биед учирсан гэмтэл, эсвэл тээшинд учирсан эвдрэл, тээш гээгдэх, хоцрох, мөн нислэг хойшлогдох зэрэгт тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хязгаарлаж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Тийз борлуулалтын төв, www.eznis.com цахим хуудас, эсвэл гэрээт борлуулагч агентаас лавлана уу.